Вэб сайт хийлгэхээс өмнө бэлдэх 10 зүйл
Вэб хийлгэх ажил хугацаа хэтрэх хамгийн түгээмэл шалтгаан нь хөгжүүлэлт биш — захиалагчийн материал хүлээх явдал. Доорхыг эхэнд нь бэлдвэл ажлын өдрийн тоо бодитоор богиносно.
Яагаад бэлтгэл нь хугацаанд нөлөөлдөг вэ
Ажлын өдөр нь захиалагч материалаа өгснөөс хойш тоологддог. Бичвэр, зураг хүлээж зогссон өдөр ажлын өдөрт ордоггүй. Практикт нэг долоо хоногийн ажил гурван долоо хоног үргэлжлэх нь ихэвчлэн энэ шалтгаантай.
Доорх жагсаалт нь Synapse-ийн ажлын стандартаас гаралтай. Эхний уулзалтын өмнө эдгээрийн 6-7 нь бэлэн байвал төсөл маш жигд урсдаг.
1. Вэб яг юу хийх ёстой вэ
«Вэбтэй болъё» бол зорилго биш. Бодитой зорилго нь дараах байдалтай сонсогдоно:
- Messenger-ээр ирдэг давтагдсан асуултыг багасгах
- Захиалгыг нэг дор цуглуулж, мартагдахгүй болгох
- Урьдчилгаа төлбөрийг онлайнаар авах
- Тендерт оролцоход албан ёсны танилцуулга байх
- Google-ээс шинэ үйлчлүүлэгч татах
Зорилго нь бүтэц, төсөв, хугацаа гурвыг шууд тодорхойлдог. Хоёр өөр зорилготой вэб нь хоёр өөр вэб байна.
2. Хэнд зориулж байгаа вэ
Зорилтот хэрэглэгчээ нэг өгүүлбэрээр бичиж үзээрэй. Жишээ нь «Улаанбаатарт амьдардаг, 28-45 насны, хүүхэдтэй эцэг эх». Энэ нэг өгүүлбэр нь дараагийн бүх шийдвэрийг хөнгөвчилдөг: ямар өнгө, ямар өнгө аяс, ямар зураг, ямар үг.
3. Өрсөлдөгчийн гурван вэб
Өөрийн салбарын гурван вэб олоод, тус бүрээс НЭГ таалагдсан, НЭГ таалагдаагүй зүйлээ бичээрэй. Энэ нь «орчин үеийн», «цэвэрхэн» гэсэн ерөнхий үгнээс хамаагүй ашигтай мэдээлэл.
Салбарын бус вэб ч болно. Чухал нь ЯАГААД таалагдсанаа тайлбарлах явдал.
4. Бичвэр — хамгийн их цаг зарцуулагддаг хэсэг
Дизайн нь хоосон хайрцаг. Хайрцгийг дүүргэх бичвэр бэлэн болтол вэб дуусдаггүй. Хамгийн багадаа дараахыг бэлд:
- Компанийн танилцуулга — 3-5 өгүүлбэр
- Үйлчилгээ тус бүрийн тайлбар — тус бүр 2-4 өгүүлбэр
- Яагаад та гэдэг шалтгаан — 3-5 зүйл
- Түгээмэл асуулт, хариулт — 5-10 ширхэг
Төгс байх шаардлагагүй. Түүхий бичвэр өгвөл бид засаж, борлуулалтын өнгө аястай болгоно. Харин ЮУ ч байхгүй бол эхлэх боломжгүй.
5. Зураг ба лого
- Лого — боломжтой бол вектор хэлбэрээр (SVG, AI, EPS). Facebook-ээс татсан жижиг зураг нь том дэлгэц дээр бүдэрнэ.
- Ажлын зураг — өөрийн бодит бүтээгдэхүүн, багийнхан, ажлын байрны зураг нь худалдаж авсан stock зургаас ХАМААГҮЙ илүү ажилладаг.
- Нэг стиль — бүх зураг ойролцоо гэрэлтэй, ойролцоо өнгө аястай байвал вэб цэгцтэй харагдана.
6. Холбоо барих бодит мэдээлэл
Утас, и-мэйл, хаяг, ажиллах цаг, сошиал хаягууд. Эдгээрийг ажиллаж байгаа эсэхийг шалгаарай — ажиллахгүй холбоос нь зочдыг алдах хамгийн энгийн арга.
Messenger холбоос тавих гэж байгаа бол НЭВТРЭЭГҮЙ горимд нээгдэж байгааг заавал шалгана. Удирдлагын inbox-ын холбоос тавибал гуравдагч хүн дарахад «эрхгүй» гэж гарна — захиалга чимээгүй алдагдана.
7. Домэйн нэр
Хоёр гурван хувилбар бодож, сул эсэхийг шалгаарай. Домэйныг ӨМНӨ нь авсан байх нь зөв — вэбийн бүх дотоод холбоос, зураг, бүтэцлэгдсэн өгөгдөл түүн дээр тулгуурладаг.
8. Төлбөр хүлээн авах эсэх
Онлайнаар төлбөр авах бол банкны мерчант эрх шаардагдана. Энэ нь хөгжүүлэлтээс УДААН үргэлжилдэг ажил тул хамгийн эхэнд эхлүүлэх хэрэгтэй. НӨАТ төлөгч бол Ebarimt-ын бүртгэл мөн адил.
9. Хэн шийдвэр гаргах вэ
Нэг хүн эцсийн шийдвэр гаргадаг байх нь төслийг хамгийн их хурдасгадаг зохион байгуулалт. Гурван хүн гурван өөр санал хэлж, хоорондоо тохирохгүй байх нь дизайны шатыг хоёр дахин уртасгадаг.
10. Нээлтийн дараа хэн хариуцах вэ
Вэб хийгдээд дуусдаггүй. Мэдээ нэмэх, үнэ солих, зураг шинэчлэх ажил гарна. Үүнийг хэн хийхийг эхэнд тодруулаарай: дотооддоо хүн сургах уу, эсвэл арчилгааны гэрээ байгуулах уу.
Хариуцах хүн тодорхойгүй вэб нь зургаан сарын дараа хуучин үнэ, хуучин мэдээтэй үлддэг — тэр үед вэб байхгүйгээс ч дор сэтгэгдэл төрүүлдэг.
Түгээмэл асуулт
Бичвэрээ би заавал өөрөө бичих үү?
Үгүй. Түүхий мэдээлэл, товч тайлбар өгвөл бид борлуулалтын бичвэр болгож найруулна. Гэхдээ бизнесийнхээ онцлогийг та хамгийн сайн мэднэ тул анхны материалыг захиалагчаас авдаг. Огт юу ч байхгүй бол эхлэх боломжгүй.
Техникийн даалгавар (ТЗ) гэж юу вэ, би бичих ёстой юу?
ТЗ бол вэб юу хийх ёстойг бичсэн баримт — хуудасны жагсаалт, функц, хэн ашиглах, ямар тохиолдолд юу болох. Захиалагч бичих шаардлагагүй: бид ярилцлагын явцад хамтдаа бөглөнө. Гэхдээ ТЗ-гүй эхэлсэн төсөл хожим «энэ багтсан гэж бодсон» гэсэн маргаанд ордог.
Логогүй бол вэб хийж болох уу?
Болно. Түр зуурын үсгэн лого хийж эхлээд, дараа нь солих боломжтой. Гэхдээ брэндийн өнгө, фонт нь вэбийн дизайнтай уялддаг тул логоо эхэнд нь шийдсэн байх нь дахин ажил хийхээс сэргийлнэ.
Зургаа яаж бэлдэх вэ, утсаар авсан болох уу?
Болно. Орчин үеийн утасны камер хангалттай. Гол нь жигд гэрэл, цэвэр дэвсгэр, бүх зураг ойролцоо стильтэй байх. Харанхуй, бүдэг зураг нь ямар ч дизайныг сүйтгэдэг.
Бэлтгэлээ хийхэд хэр хугацаа орох вэ?
Дунджаар 3-7 хоног. Бичвэр, зураг цуглуулах нь хамгийн их цаг авдаг. Энэ хугацаанд бид дизайны чиглэлээ тодорхойлж эхэлдэг тул зэрэгцүүлэн явуулах боломжтой.
Өөрийн төслийн үнийг яг одоо бодох
Дээрх нь ерөнхий чиглүүлэг. Төрлөө сонгоод хэрэгтэй нэмэлтүүдээ тэмдэглэхэд тухайн төслийн тооцоо болон ажлын өдрийн тоо шууд гарна.
ТӨСЛӨӨ ТОХИРУУЛЖ ҮНЭ БОДОХ